Wednesday, July 18, 2007

Энэ бол үйлчилгээ

Одоогоос 3 жилийн өмнө(2004 он) хүү маань төрөх үед би вээр Япон улсад байж таарсан юм. Эгчийнхээ видео камер аваарай гэж өгсөн мөнгөөр үзэж үзэж JVC-ийн камер авчваа. Түүнээс хойш нэг жил орчимийн дараа өнөө камер маань таг болчихлоо хөөрхий. Өмнө хийсэн бичлэгүүдээ үзэж болно, компьютертэй холбож болно, харин бичлэг хийх гэхээр 'Линзнийхээ тагийг аваагүй байна' гэсэн мессеж гарчихаад(тагийг нь авчихаад байхад) болдоггүй.

Тэгтэл саяхан элдэв юм задлах дуртай нэг найздаа үзүүллээ. Хэд хоногын дараа өнөөх маань "Энэ чинь үйлдвэрийн дефекттэй юм байна, нэтээс хайсан чинь тэгж гарлаа" гэв. Үнэхээр миний авсан камерийн нэг хэсэг марк нь үйлдвэрийн гажигтай бөгөөд энэ он хүртэл үнэгүй засварлаж өгнө гэсэн байна. За тэгээд бас нэг найзыгаа томилолтоор Япон явахад нь өгч явуулж засуулаад, өөр нэг найзыгаа томилолтоос ирэхэд нь авчруулсан даа. Засвар болон Япон дотор нааш цааш явуулсан шуудангийн зардал бүгд цаанаасаа байв.

Хэдийгаар камер үйлдвэрээсээ гажигтай гарсан ч гэлээ, 3 жилийн дараа хүртэл үнэгүй засаад өгч байгаа нь үнэн таатай. Засуулахад ямар ч бичиг баримт энэ тэр гэж чирэгдэл болсонгүй. Энэ бол жинхэнэ үйлчилгээ, энэ бол итгэл.

Нэгэн саад арилав

Орон сууцны зээлийн бүрдүүлэх материал дотор өөрийн ба гэр бүлийн хүний үл хөдлөх хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа гэж юм байгаа юм. Энэ нь бодвол зээлдэгчийн бэл бэнчинг үнэлэхээс гадна, үнэхээр 'зээлээр' орон сууц авах хэрэгцээ шаардлагатай эсэхийг батлах гэсэн утгатай. Тухайлбал өөрөө нэр дээрээ орон сууцтай мөртөө зээлээр байр авна гэхээр сонин байх нь ойлгомжтой. Өөрийн гараар бичсэн өргөдөлдөө яагаад байрны зээл авах гэж байгаа шалтгаанаа тоочсон(хөлсөлдөг, хадмуудтайгаа байдаг ч гэх юм уу) байх тул, өөрийн гэсэн үл орон сууцгүй гэдгээр батлагдах юм.

Тэгтэл хадмын байр эхнэрийн нэр дээр байдаг болж таарав. Энэ үл хөдлөх хөрөнгийг хадмын руу шилжүүлэх ажил наадмын дараанаас наашгүй болов. Тэгээд л наадмаас наашгүй юм болцон.

Одоо нэгэнт шилжүүлчихсэн тул нэг саад байхгүй болов. Зээл хөөцөлдөх ажлаа бүр зогсоочилгүй элдэв мэдээлэл, хүмүүсийн туршлага цуглуулж дотроо бодож л яваа. Санаа оноо, зөвлөгөө байвал хуваалцаарай, таминь.

Friday, July 06, 2007

Шийдвэр өөрчлөгдөв

Ойрд компаний дэргэд байгуулагдаж байгаа шинэ сургуулийн нээлт энэ тэр гээд, хажуугаар нь хүүгийн төрсөн өдөр болоод(3 нас хүрсэн) байрны асуудлыг хөөцөлдөж чадсангүй. Тэгж тэгж өнөөдөр харин болиод ахиад л байр хөлслөхөөр шийдлээ. 28-30 саяар нэг өрөө байр аваад ч яах билээ, ер нь ч тэгээд банкнаас хөөцөлдөөд 2 долоо хоногийн дотор бүтэх найдлага байхгүй болчлоо. Байраа гэж...

Tuesday, July 03, 2007

Хулхи зар

Өнөөдөр шинэ зар гардаг өдөр. Эхнэр өглөө шинэ зар худалдаж аваад нэг боломжийн зүйл дуулгаадхав.

Цэцэг зочид буудлын ард шинээр баригдаж байгаа байр захиалга авч байгаа гэнээ. 2 өрөө нь 45-50 метр кв, 25-26 сая орчим. Хамгийн гол нь банкны зээлээр өгнө, өгөх өгөхдөө өөрсдөө хамруулж өгнө гэсэн санж. Харин сонирхолтой нь Худалдаа Хөгжлийн Банкны сарын 1.1 хувийн хүүтэй зээлд хамруулж өгөх юм гэнэ. Гэтэл би хоёр хоногын өмнө ХХБ дээр очоод тэднийх АХБ зээл олгодоггүй бөгөөд тэдний өөрсдийн орон сууцны зээлийн хүү нь 1.4 гэдгийг тэмдэглэж авсан билээ.

За яахав, барилгын компани банк хоёрын хооронд тохироо байж болох л юм. Очоод үздэг хэрэг ээ. Зар дээр байсан утсаар нь эхнэрийг ярихад 3 цагаас ажил дээрээ очно, тэр үед утасдаарай гэсэн гэнэ. Тэгсэн утсаа тасалчихаж, ер ярьж чадсангүй. Арга ядаад ажил дээр нь очиж үзэхээр шийдээд "Их өвөр" гэдэг компаний барьж байгаа барилгыг Цэцэг зочинд буудлын тэр хавиар зөндөө л хайлаа, байдаггүй шүү. Тэр орчим гурван ч барилга баригдаж байгаа боловч, аль нь ч "Их өвөрийнх" биш байлаа.

Энэ аягүй бол ядарсан нэгнийгээ банкны зээлд хамруулж байртай болгоно гэж молиго үмхүүлээд хэдэн төгрөгийг нь авч "их өвөртөө" хийдэг этгээд ч байж магадгүй, гэхдээ маргааш утасдаж үзнэ ээ, юмыг яаж мэдхэв.

Бүрдүүлэх материал

Азийн Хөгжлийн Банкны байрны зээл авахад ямар материалууд бүрдүүлэх тухай Зоос банкин дээр очиж асуувал үүдний хүлээн авах нь сайн мэдэхгүй байгаа бололтой. 15 саяаас багыг зээлэх бол 101 дүгээр салбар дээр очдог 15 сая буюу түүнээс дээш бол төв дээрээ шийддэг гэнэ. Сонин л юм. Тэгэхээр нь Шуудан банкны орон сууцны зээлийн хэлтэс дээр очив. Ингээд тэндээс дараах материалуудын жагсаалтыг авсан юм. Зээлдэгч болон хамтран зээлдэгч гэсэн 2 хүн байх шаардлагатай гэнэ. Зээлдэгчийг нас барсан болон ямар нэг шалтгаанаар зээлийг хариуцаж чадахгүй болсон тохиолдолд хамтран зээлдэгч өрийг төлөх ёстой аж. Харин энэ хамтран зээлдэгч нь миний төрсөн ах дүү, эсвэл эцэг эх нь байж болно.(Эхнэр ажил хийдэг байсан бол, хамтран зээлдэгч байж болох л байсан байх)

Миний хувьд дүүгээ л хамтран зээлдэгчээр сонгохоос аргагүй(Ээж хөдөө байгаа учир). Дүү маань нэгэн хувийн компанид ороод жил болж байгаа учраас Нийгмийн даатгал энэ тэр байхгүй л болов уу. Гэтэл мань эр хөдөө яваа сурагтай. Ирэхээр нь л яах ийхийг нь асуухаас.

Банкнаас эхний багананд байгаа жагсаалтыг л өгсөн юм. Баримтуудыг цуглуулахад амар гэж багананд оруулаад бичсэн ухаантай. Үүнийгээ хэвлэчихээд, бүрдүүлсэн бол дугуй тэмдэгнийх нь голд хэрээс тавиад явах гэж байгаан. Асуултын тэмдэгтэй нүднүүд нь лавлах шаардлагатай гэсэн үг. Хамтран зээлдэгчийн хувьд нийгмийн даатгалын дэвтэр, цалингийн тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, оршин суугаа газрын тодорхойлолт хэрэгтэй эсэхийг лавлах шаардлагатай гэж үзлээ.

АХБ -ны орон сууцны зээл авахад бүрдүүлэх материалууд

NoМатериалОчих газарЗээлдэгчХамтран зээлдэгчОрон сууц худалдагчТайлбар
1Зээл хүссэн өргөдөл/зээл хүсэх болсон шалтгаан, зээлийн хэмжээ, хугацааг тусгасан байх/


Гараар бичнэ
2Зээлийн өргөдөл /хавсралт 1.1/


АХБ ны маягт. Үүнийг бусад материал дээрээ үндэслээд бөглөнө.
3Зээлдэгч болон хамтран зээлдэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбарНотариат

4Зээлдэгч болон хамтран зээлдэгчийн анкет /хавсралт 2/

Боловсон хүчний анкеттай төстэй зүйл байгаа
5Зээлдэгчийн сарын орлогыг шалгах хуудас /хавсралт 3/


Орлоготой холбоотой баримтууд дээр тулгуурлаж бөглөнө
6Зээлдэгчийн сарын орлогод тусгасан өрхийн орлогын хэмжээг нотлох баримтууд /-цалингийн тодорхойлолт,-хөдөлмөрийн гэрээ,-НД дэвтэр(нотариатаар бат), хувийн бизнестэй холбоотой бусад бичиг баримт/Компани?

7Банкны харилцах хадгаламжийн дансны үлдэгдлийн баримт /сүүлийн 6 сарын эцсийн байдлаар/Банк

Хадгаламжид байршуулсан мөнгөний хэмжээ хангалттай байх ёстой
8Эзэмшдэг хувьцаа, бонд, үнэт цаасны тоо ширхэг, зах зээлийн үнэлгээг тооцсон хөрөнгийн биржийн тодорхойлолтХөрөнгийн бирж


Бонд, хувьцаа эзэмшдэг тохиолдолд
9Харьяалагдах байгууллагын төлбөр батлан даах албан бичиг, эрх бүхий байгууллагын шийдвэр



Байгууллагаас төлөх тохиолдолд
10Оршин суугаа газрын тодорхойлолтХороо?
Тухайн хороонд оршин суудаг гэсэн тодорхойлолт
11Банкны өр барагдуулах албанаас зээл болон зээлийн хүүний өр төлбөргүй эсэхийг тодорхойлсон тодорхойлолтЗуун айл

Өр төлбөргүй гэсэн баталгаа
12Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолтЯлалт

Гэмт хэрэгт холбогдолгүй гэсэн нотолгоо
13Орон сууц худалдан авах бол иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээНотариат
Байр зарах хүнтэйгээ тохироод зээлээр авах гэрээ байгуулна
14Худалдаж авах орон сууцны үнийн дүнгийн тодорхой хувийг төлөх боломжтойг эсвэл төлсөн баримтБанк

Тодорхой хувийг урьдчилан төлсөн тохиолдолд
15Барьцаанд тавих өмч хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарНотариат
Худалдаж авах байрны гэрчилгээний хуулбар
16ГХГЗЗГ ын Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас лавлагааҮл хөдлөх
Худалдаж авах байрыг барьцаанд тавиагүйг нотлох
17Зээлийг эргүүлэн төлөх эдийн засгийн үндэслэл, эх үүсвэр, үр ашгийн тооцоо, зээл хүү төлөх хуваарьБанк


Зээл олгогч банктай хамтран гаргана
18Өөрийн болон эхнэрийн Үл хөдлөх хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа


Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх
19





20





Monday, July 02, 2007

Орох орон

Сар хүрэхгүй хугацааны дараа орох оронгүй, оочих аягагүй болох гээд байгаа учраас байрны талаар баахан бодлого бодов. Ингээд зарим хүнд хэрэг болж магад, зарим нь надад тус болж магад гээд фактуудаа дэлгэе(нээх нууц юм олоод мэдчихсэн юм шиг).

Одоо сууж байгаа байр маань хөлснийх юм, (жилийн өмнө би хөлсний байр яаж олох тухай өөрийн туршлагаас бичиж байсан билээ) тэгээд хугацаа нь дөхчихөөд дараагийн хөлсний байраа хайх боллоо л доо. Энэ удаа харин хүмүүсийн санал ч нөлөөлөөд, тэгээд ч ер нь дандаа хүнд мөнгө өгөөд байр хөлслөөд байхаас дургүй хүрээд, бас хамгийн гол нь жил болгон нүүж байхаас яс хавталзаад, банкны зээлээр байртай болохоор шийдсэн нь энэ.

Тэгээд ер нь зурагтаар ч цалингаараа амьдрах боллоо, Монголчуудаа энэ тэр гээд яриад байснаас бодсон ч тэр, хүмүүс банкны зээл аваад болоод байгаа тухай сонссон ч тэр, одоо миний ээлж болсон гэдэг нь мэдрэмж төрөөд байсан юм.

За ингээд юун түрүүн мэдээлэл цуглуулах хэрэгтэй, аль банк хурдан шуурхай, бага хүүтэй зээл өгдөг, ямар процедуруудаар дамждаг энэ тэр гээд л...

Ингээд банкнуудын вэб сайтаар ороод орон сууцны зээл гэсэн хэсгүүдийг нь шүүж гарваа. Зээлийн хүүгийн доод хэмжээ нь ХХБанкных 1.4, тэгээд л бусад нь тэрнээс дээш байдаг юм байна. Зарим нь бүр байрныхаа үнийн 50% ийг өөрөө төлөх чадвартай байх ёстой ч гэх шиг, мөнгөгүй болоод л зээл авах гэж байгааг мэддэггүй юм байхдаа?

За ингээд сураглаад яваад байсан чинь нэг л бишээ, хүү нь арай л их. Өө тэгтэл Азийн Хөгжлийн банкний зээл, Банкнуудын өөрсдийн зээл гэж хоёр ондоо зээл байгаа юм байна. Зоос банк, Худалдаа Хөгжил, Шуудан банк гурав дээр очиж лавлаж байж овоо ойлгож авав. Банкнуудын өөрсдийнх нь орон сууцны зээлүүдээс ХХБ хамгийн бага хүүтэй - сарын 1.4 хувь. Банкуудын өөрсдийн зээл 100 сая хүртэл өгнө гэдгээр АХБ зээлээс давуу. Бас арай хурдан олгогддог гэж байгаа. Гэвч сард өгөх мөнгө нь арай л амьдралгүй гарч байна. Жишээлбэл, 20 саяыг 7 жилийн хугацаатай авахад сард төлөх мөнгө нь 520 мянган төгрөг.

Харин АХБ зээл бол сард 1.1 хувь, гэхдээ 15 сая төгрөгөөс дээш өгөхгүй гэж байгаа. 15 саяыг 7 жилээр зээлэх юм бол сард 350 мянгийг төлнөө гэж. За ингээд шийдлээ, АХБ зээл авахаар. Гэтэл эхлээд байраа олчихоод зээлээ ав гэдийн байна. Байр зарах гэж байгаа хүн намайг хүлээгээд байж байх магадлал маш бага гэдэг нь ойлгомжтой. Хэдий надтай тохирсон ч байсан бэлэн мөнгөтэй хүн гараад ирвэл... Ингээд нэг л сонин болоод ирж байгаа юм. За яахав, надад сайн хүн таараад, эсвэл зах зээлийн ханшнаас жаахан дээгүүр авахаар болвол хүлээх магадлал бий.

Үнэтэй дуугарч байгаа байр бол ерөнхийдөө зээл хүлээдэг гэж байгаа. Хямд байр бол хүлээхгүй, тэр хүнд мөнгө хэрэгтэй. Хямд байрыг байрны ченжүүд зар гармагц очоод бэлэн мөнгийг нь тоолж өгөөд л авчихна, тэгээд эргүүлээд хэдэн саяыг нэмээд зардаг юмуу даа.

Ингэснээс байрны үнэ ер нь ямархуу байна? Яг өнөөдөр буюу 2007 оны 7 сарын байдлаар 2 өрөө байр 19 -р хороололд 30 саяаас дээш, сансар хавицаа 28 сая орчим, хороололд мөн 30 сая орчим байна. Нэг өрөө байр 19 -р хороололд 26 саяас дээш, за тэгээд ер нь төв хавиараа 25 сая орчимтой, цаашид өсөх шинжтэй.

Хэн байрны үнэ өсгөөд байна? Ченжүүд. Тэд хямд буюу зах зээлийн үнээр байр аваад заавал нэмж зардаг байна. Бусад хүмүүс дуурайгаад бас зарах байраа үнэтэй дуугарна. Иймэрхүү замаар байрны үнэ тогтмол нэмэгдсээр нэг жилийн өмнөхөөс дор хаяж 5 саяаар нэмэгдээд байна. Дээр нь бас өнөө лайтай хадгаламж зээлийн хоршооныхноос болоод хүмүүс бэлэн мөнгөөрөө байр худалдаж авах болсноор энэ жил байрны үнэ бүр ч их хөөрөгдөлд орж байна гэх.

За байрнууд тэгсхийгээд байцгааж байг, эргээд АХБ руугаа ороё. Байрныхаа үнийн 25 аас доошгүй хувийг өөрөө төлөх чадалтай бол "үлдсэн" 15 сая хүртлэхийг АХБ зээлэх юм. Тухайн үед 15 сая хангалттай байсан бололтой. Одоо бол байрны үнэ 2 жилийн өмнөхөөс лав 1.5 дахин нэмэгдчихээд байна. Миний хувьд бол 10 сая төгрөгийг хадмуудаас зээлэхээр болсон, дээр нь зээлийн 15 нэмэхээр 25 саяаар нэг сарын дотор байр олохдоо сэтгэл ханамжийг максимумчлах бодлого тулгарч байна. Дээр нь хязгаарлалтын нөхцөлүүд тавигдана, тухайлбал 2 өрөө байр авья гэвэл хотын зах руугаа сонгох ёстой. Төв рүү бол нэг өрөө ч авч дийлэхгүй.

За ингээд сонингийн зар ч шүүрдлээ, хуучин туршлагаараа орцнуудын үүдэнд ч зар наалаа. Миний байр авчих сонирхолтой байсан 19 р хороололд бол нэг өрөө ч авах найдваргүй боллоо. 2 өрөө 30 саяд гэсэн сураг сонсогдохоор нь чадахгүй юм байж бас юмыг яаж мэдэхэв гээд очтол аль хэдийн зарагдчиж. Ер нь зар дээр гарсан арай боломжийн гэсэн байрууд руу утасдлаа, хурдан зарагдаж байна шүү, өрсчихөөд байна. Ченжүүд л биз, тэгээд үнэтэй байрууд нь мэдээж зарагдахгүй, гэхдээ үнээ буулгахгүй. Ченжүүдийн арга нь ердөө тэр, хямд байрыг уралдаж очиж аваад өсгөөд тавичихдаг. Өнөө үнэтэй байруудын ихэнхийг нь гадаадаас орж ирсэн мөнгөө хадгалах маягаар авдаг бололтой.

Нэг үгээр хэлэхэд үгээ хэлээд байж байна. Гэхдээ бууж өгөхгүй, бүрдүүлэх шаардлагатай материалуудыг цуглуулах явцдаа цаашдийн үйл явцыг ч бичих болно. Дараа хэн нэгэнд тус болж л таараа. Та ч гэсэн хэрэг болох санаа оноо байвал бичээд үлдээнэ биз, баярлах болно шүү.